
Шуудангийн үйлчилгээтэй холбоотой асуулт, хариулт
Шуудангийн нэгдсэн код нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг агуулж, давхардуулан оноогдохгүйгээр нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлдэг.
Энгийнээр тайлбарлавал шуудангийн нэгдсэн код гэж тухайн хуулийн этгээд буюу объектын байршил, хаягийн мэдээллийг илэрхийлсэн 5 оронтой тоог хэлнэ.
Шуудангийн нэгдсэн код буюу зип код нь хүн бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлдөг, нарийн зохион байгуулалттай системийн нэг хэсэг тул шуудангийн үйлчилгээнээс эхлээд бизнес, онцгой байдалд хүртэл өргөн хэрэглэгддэг.
Онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламж, цагдаа зэрэг төрөөс иргэдэд хүрч үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчилнө. Шуудангийн нэгдсэн кодоо хэлснээр таны байгаа газрын байршлыг тодорхойлж, аль болох түргэн хүрч үйлчлэх боломжийг бий болгодог.
Та өөрийн оршин суугаа газрын болон барилга байгууламжийнхаа шуудангийн нэгдсэн кодоо мэдэхийг хүсвэл www.zipcode.mn цахим хуудаснаас газрын зураг дээр хайлт хийж мэдэх боломжтой.
Шуудангийн хаягжилт нь дараах бүтэцтэй байна:
- Хүлээн авагч буюу явуулагчийн нэр
- Албан газар, албан тушаал (албан байгууллагын хаягаар явуулах бол)
- Хаягийн бүсийн нэр, гудамжны нэр, хорооны болон барилга байшингийн дугаар
- Хотын нэр бүсчлэлийн код (www.zipcode.mn)
- Улсын нэр
Илгээгчийн хаяг нь: Дугтуйны зүүн дээд өнцөгт байрлана. Хүлээн авагчийн хаяг нь: Дугтуйны баруун доод өнцөгт байрлана.
Олон улсад карго гэдэг нь агаар, газар, холимог тээврийн төрлийг ашиглан нэг газраас нөгөө рүү тээвэрлэж буй бизнесийн зориулалтаар, томоохон захиалга, бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн материалыг нийтэд нь хэлдэг.
- Монгол Улсын хувьд ашиг олох зорилготой бизнесийн зориулалтаар, арилжааны бараа, бүтээгдэхүүнийг ачаа;
- Хүний хувийн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг шуудангийн илгээмж гэж нэрлэдэг.
Шуудангийн илгээмжийг үйлчлүүлэгчээс хүлээн авах, цуглуулах, тээвэрлэх, хаягт эзэнд хүргэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэхийг хориглодог. Байгууллагын эрхлэх үйл ажиллагаа нь дээрх дурдсан үйл ажиллагаанд хамааралтай бол тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Харин худалдааны байгууллага өөрийн үйлчлүүлэгчдэд худалдан авсан бараа, бүтээгдэхүүний хүргэлтийг гүйцэтгэхэд шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байх шаардлагагүй.
Хуулийн этгээд шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгах:
https://crc.gov.mn/dotoodyn-shuudangijn-jlchilgee-erhleh
https://crc.gov.mn/uls-hoorondyn-shuudangijn-jlchilgee-erhleh
Хуулийн этгээд шуудангийн үйлчилгээний үнэ, тарифыг хянуулсан эсэхийг шалгах:
https://crc.gov.mn//suudangiin-uilcilgeenii-une-tarif
Шуудангийн илгээмж хүргэх хугацаатай танилцах:
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759779787531
Шуудангийн үйлчилгээ үзүүлж буй хуулийн этгээдийн /Үйлчлэгч/ “үйлчлүүлэгчийн гомдол маргааныг хүлээн авах, шийдвэрлэх, хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох журам”-тай танилцах шаардлагатай.
- Үйлчилгээний талаарх үйлчилгээний тариф;
- Шуудангийн илгээмж хүргэх чиглэл, хугацаа, хуваарь;
- Хаяг байршил, ажиллах цагийн хуваарь, холбоо барих мэдээлэл
Шуудангийн үйлчлэгч нь “Дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын дагуу шуудангийн үйлчилгээнд тавигдсан стандарт, шаардлагыг биелүүлэн ажилладаг.
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шуудангийн үйлчилгээний тарифын талаарх саналаа үндэслэл, тооцооны хамт Зохицуулах хороонд хүргүүлж, Зохицуулах хорооноос хариу ирүүлсэн саналыг харгалзан үйлчилгээний тарифыг тогтоох шийдвэр гаргадаг. Зах зээлийн зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуйн нэгжийн хувьд үйлчилгээний тарифыг үндэслэл, тооцооны дагуу баталдаг.
Шуудангийн илгээмж алга болсон, эвдэрч, гэмтсэн тохиолдолд үйлчлүүлэгч гомдлыг гарган, үйлчлэгч байгууллагын "Үйлчлүүлэгчийн гомдол маргааныг хүлээн авах, шийдвэрлэх, хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох журам"-ын дагуу шийдвэрлүүлнэ. Үйлчлэгч байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл Харилцаа холбооны зохицуулах хороонд хандана. Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Шуудангийн тухай хуулийн 17.1.2, Иргэний тухай хуулийн 530 дугаар зүйлд тус тус заасны дагуу дараагийн шатны шийдвэрлэх байгууллагад хандан шийдвэрлүүлнэ.
Үйлчлүүлэгч шуудангийн илгээмжийн лавлагаа авах хүсэлтийг үйлчлэгчийн ажлын байранд өөрийн биеэр очих, утсаар болон цахим сүлжээгээр дамжуулан гаргасны дагуу үйлчлэгч нь илгээмжийн лавлагаа хүлээн авах, хариу өгөх журмын дагуу илгээмжийн байршлын мэдээллийг өгдөг.
Шуудангийн сүлжээний ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник технологийн горимын хэрэгжилтэд хууль тогтоомжид заасны дагуу Харилцаа холбооны улсын байцаагч хяналт тавьдаг.
Та Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Оюуны өмчийн газарт хандана уу.